2024.05.13 - 2024.05.17

ОНЦЛОХ ИШЛЭЛ

“Ялагчид хэзээ ч бууж өгдөггүй. Бууж өгдөг хүн

хэзээ ч ялагч болдоггүй."

- Винс Ломбарди

ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛ

МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

Монгол улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх ТОП-20 индекс өнгөрөгч 7 хоногт уналттай байлаа. Тодруулбал, Монголын хөрөнгийн биржийн ТОП-20 индекс 42,631.26 нэгжид хүрч, 0.84%-ийн бууралттай хаагдлаа. Монгол улсын Дотоодын нийт бүтээгдэхүүн 2024 оны 1-р улиралд жилийн өмнөх мөн үеэс 7.8% өссөн үзүүлэлттэй гарлаа. Дотоодын нийт бүтээгдэхүүн 2024 оны эхний улиралд 7.8%-иар өссөний -1.35%-ийг хөдөө аж ахуйн салбар, 1.9%-ийг уул уурхай, олборлолтын салбар, 1.0%-ийг үйлдвэрлэл, барилгын салбар, 4.1%-ийг үйлчилгээний салбар, 2.1%-ийг бүтээгдэхүүний цэвэр татвар бүрдүүлсэн байна.


АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

АНУ-ын хувьцааны зах зээлийг төлөөлөх DJIA индекс, S&P 500 индекс болон NASDAQ Composite индекс нар өнгөрөгч долоо хоногт бүх цаг үеийн дээд түвшнийгээ шинэчлэн тогтоолоо. DJIA индекс 40,000 босгыг давсан нь онцлох түвшин болж байна. Өндөр инфляцын түвшин болон зээлийн хүүгийн дарамт зах зээлд тус тус буурсан нь хувьцааны зах зээл үргэлжилсэн өсөлтөө үзүүлэхэд гол нөлөөг үзүүллээ. АНУ-ын 4-р сарын инфляцын түвшин жилийн өмнөх мөн үеэс 3.6% өссөн үзүүлэлттэй гарсан нь зах зээлийн хүлээлтээс доогуур үзүүлэлт болж хувьцааны зах зээлд эергээр нөлөөллөө. 2023 оны 11-р сараас хойш инфляцын түвшин 3.8%-4.0% хооронд тогтсон байдалтай байсан бол ийнхүү инфляцын түвшин 3.6%-д хүрч буурсан нь хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргалтад эергээр нөлөөлсөн юм.


ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ 

Европын хувьцаат компаниудын 2024 оны 1-р улирлын тайлан шинжээчдийн хүлээлтийг давсан болон томоохон төв банкнууд дараагийн Мөнгөний бодлогын хурлаараа бодлогын хүүгээ бууруулах хүлээлттэй байгаатай холбогдуулан Европын хувьцааны зах зээл өнгөрөгч долоо хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, STOXX Europe 600 индекс өнгөрөгч долоо хоногт 0.42%-ийн өсөлттэй хаагдлаа.


ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ 

Япон улсын эдийн засаг 2024 оны 1-р улиралд жилийн өмнөх үеэс 2.0% агшсан үзүүлэлттэй гарлаа. 2024 оны 1-р сарын 1-д болсон Ното хойгт болсон газар хөдлөлт 2024 оны 1-р улиралд эдийн засаг агшилттай гарахад гол сөрөг нөлөөг үзүүлсэн юм. Япон улсын хувьцааны зах зээл өнгөрөгч долоо хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, Nikkei 225 индекс 1.46%, TOPIX индекс 0.64%-ийн тус тус өсөлттэй хаагдлаа.


БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ 

БНХАУ-ын Засгийн газар үл хөдлөх хөрөнгийн салбарынхаа эрэлтийг нэмэгдүүлэхийн тулд орон сууц анх удаа ипотекийн зээлээр худалдан авч буй иргэдийнхээ урьдчилгаа төлбөрийн харьцааг 5%-иар бууруулж 15%, хоёр дахь удаагаа орон сууц худалдан авч байгаа иргэдийн урьдчилгаа төлбөрийн харьцааг 25% болгож буурууллаа. Мөн орон сууцны зээл олголтыг нэмэгдүүлэхийн тулд төрийн өмчит банкнуудад 300 тэрбум юанийн бага хүүтэй зээл олголт хийх талаар мэдэгдэл хийлээ. Тус улсын хувьцааны зах зээл өнгөрөгч долоо хоногт өөрчлөлт багатай байлаа. Тодруулбал, Shanghai Composite индекс 0.02% буурсан бол CSI 300 индекс 0.32% өссөн үзүүлэлттэй хаагдлаа.

Дэлгэрэнгүй

БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ

ОЛОН УЛСЫН БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. АНУ-ын 10 жилийн хугацаатай Засгийн газрын бондын өгөөж 4.43%-д хүрч буурлаа. АНУ-ын 4-р сарын инфляцын түвшин жилийн өмнөх мөн үеэс 3.6% өссөн үзүүлэлттэй гарсан нь зах зээлийн хүлээлтээс доогуур үзүүлэлт болсон ба үүнээс шалтгаалан Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ 2024 онд 2 удаа бууруулах хүлээлт үүссэний улмаас АНУ-ын Засгийн газрын бондын өгөөжүүд буурлаа. (Бондын үнэ болон өгөөж эсрэг чиглэлд хөдөлдөг.) 
  2. Япон улсын 10 жилийн хугацаатай Засгийн газрын бондын өгөөж 0.94%-д хүрч өслөө. 
  3. Монгол улсын Засгийн газраас арилжаалсан эрсдэл бага ам.долларын бондуудын эзэмших хугацааны 1 жилийн өгөөж дуусах хугацаанаасаа хамаарч ам.долларын 6.66%-7.20%-ийн хооронд байна.

    Монголын ипотекийн корпорацийн (Moody's B3, S&P B-, Composite B- ) бондын өгөөж 13.24%, MMC буюу Mongolian Mining Corporation-ийн ам.долларын бонд нь 9.30% өгөөжтэй арилжаалагдаж байна. Мөн Голомт Банк ХК-ийн бонд 12.27%-ийн өгөөжтэй арилжаалагдаж байна

    Мөн харилцагч та АНУ-ын Засгийн газрын бондод хөрөнгө оруулах боломжтой.
Дэлгэрэнгүй

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН МЭДЭЭ

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО

 2024.05.16


УИХ-ын өнөөдрийн /2024-05-16/ чуулганаар Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа. 


Энэ нь үнэт цаасны зах зээлд олон шинэлэг зохицуулалт бий болгох үндэс суурь болохын зэрэгцээ журмын хүрээнд зохицуулагдаж буй зарим төрлийн харилцааг хуульд тусгаснаараа онцлог юм. 


Тус хуулийн төслийн нэмэлт, өөрчлөлтөд санал оруулагчид энэхүү хууль батлагдсанаар үнэт цаасны зах зээл дэх зардал буурах, бүтээгдэхүүний төрөл нэмэгдэх ач холбогдолтой гэж үзсэн байна. 


Тухайлбал Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн бирж, МҮЦАЭХ-оос холбогдох харилцааг зохицуулах 12 журмыг шинээр болон шинэчлэн батлах эрх үүсч, тус журмууд батлагдсанаар шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрэх эрх зүйн зохицуулалт бүрдэх юм.


Түүнчлэн шинэ бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой зохицуулалт хуульд:  
Хувьцааны хамтын санхүүжилт, Банкны хадгаламжийн сертификат гаргах, Олон улсын санхүүгийн байгууллагын өрийн хэрэгсэл, Хаалттай ХК-ийн хувьцааг биржээр арилжаалах, үнэт цаас зээлэх, зээлдүүлэх зэрэг шинэ бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой зохицуулалтууд тусгагдлаа.


Дэлгэрэнгүй

“ЭМ ЖИ ЭЛ АКУА” ХХК-ИЙН ХУВЬЦААНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ НЭЭХ ЦАН ЦОХИХ ЁСЛОЛ БОЛЛОО 

 2024.05.15 


“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн арилжааны танхимд өнөөдөр /2024-05-15/ "Эм жи эл акуа" ХХК-ийн олон нийтэд санал болгон гаргаж буй хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо. 


Дэлгэрэнгүй

ЭДИЙН ЗАСГИЙН МЭДЭЭ

Дотоод худалдааны салбарын борлуулалтын орлого I улиралд 19.1 хувиар өслөө

 2024.05.15 


Дотоод худалдааны салбарын борлуулалтын орлого оны эхний улиралд өмнөх оны мөн үеэс 19.1 хувиар өсөж, 14.2 их наяд төгрөгт хүрсэн байна. Үүний дийлэнх буюу 78.7 хувийг хүнсний бус бүтээгдэхүүний борлуулалт, үлдсэнийг хүнсний бүтээгдэхүүнийх эзэлжээ.


Дэлгэрэнгүй

БНХАУ-ын инфляц IV сард эрчимжиж, сүүлийн 3 сар дараалан 0-ээс өндөр түвшинд хадгалагдлаа

 2024.05.13 


БНХАУ-ын хэрэглээний үнийн индекс дөрөвдүгээр сард өмнөх оны мөн үеэс 0.3 хувиар өсөж, сүүлийн гурван сар дараалан “тэг”-ээс давлаа. Үүнд зах зээлийн эрэлт сул байгаагаас үйлдвэрийн салбарын үнийн уналт удаан хугацаанд үргэлжилж байгаа нь нөлөөлсөн байна.


Дэлгэрэнгүй